Огноо:2015-12-07


ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД
ГАРААНЫ КОМПАНИ БАЙГУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмын зорилго нь эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах, бүртгүүлэх үндсэн зарчмыг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэ журмын 1.1-д заасан эрдэм шинжилгээний байгууллага гэдэгт Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.2.1, 11.2.2, 11.2.3 дахь заалтад заасан байгууллагуудыг хамааруулна.

1.3.Гарааны компанийн шинжлэх ухаан, технологийн туршин нэвтрүүлэх үйл ажиллагааг Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиар, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбогдсон харилцааг Инновацийн тухай хууль, компани байгуулах, өөрчлөх, татан буулгах, удирдлага зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчдийн эрх, үүрэгтэй холбоотой харилцааг Компанийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар зохицуулна.

1.4.Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.4.1.“инновацийн төсөл” гэж Инновацийн тухай хуулийн 3.1.6-д заасныг;

1.4.2.“гарааны компани” гэж Инновацийн тухай хуулийн 3.1.8-д заасныг;

1.4.3.“инновацийн төсөл санаачлагч” (цаашид “төсөл санаачлагч” гэх) гэж оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор инновацийн төсөл санаачлан боловсруулж хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасан иргэнийг.

1.5.Инновацийн төсөл хэрэгжүүлэх хугацаа 3 хүртэл жил байна.

1.6.Инновацийн төслийн үр дүнд бий болох бүтээгдэхүүний технологийн туршилт боловсруулалтын ажлын онцлог, үр дүнгийн баталгаажилтаас хамаарч төсөл хэрэгжүүлэх хугацааг нэг удаа 2 хүртэлх жилээр сунгаж болно. Эрдэм шинжилгээний байгууллага инновацийн төсөл хэрэгжүүлэх хугацаа дуусахаас       1 сарын өмнө инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хугацааг сунгуулах тухай хүсэлтээ гаргана.

 

 

Хоёр. Инновацийн төслийг бүртгүүлэх

2.1.Төсөл санаачлагч нь гарааны компани байгуулах зорилгоор боловсруулсан инновацийн төсөл бүртгүүлэх хүсэлтийг оюуны өмчийн эрх эзэмшигч эрдэм шинжилгээний байгууллагын Эрдмийн зөвлөлд гаргана.

2.2.Төсөл санаачлагчийн нэр дээр өмчлөлтэй байгаа оюуны өмчийг тухайн эрдэм шинжилгээний байгууллага дээр хэрэгжсэн төслийн үр дүнд боловсруулсан бол төсөл санаачлагчийн хүсэлтийг харгалзан гарааны компани байгуулан инновацийн төсөл хэрэгжүүлж болно.

2.3.Инновацийн төсөл нь Инновацийн тухай хуулийн 14.1-д заасан дараах шаардлагыг хангасан байна:

2.3.1. инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх;

2.3.2. хэрэгжүүлэх гэж байгаа төслийн давтагдаагүй байдал болон оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон байх;

2.3.3. инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоог хийсэн байх;

2.3.4. инновацийн төсөл хэрэгжүүлэх хүний нөөц бүрдүүлсэн байх.

2.4.Инновацийн төсөл хэрэгжсэнээр бий болох бүтээгдэхүүн нь Инновацийн тухай хуулийн 15.1-д заасан шаардлагыг хангасан байна.

2.5. Инновацийн төсөл санаачлагч дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн энэ журмын 2.1-д заасан байгууллагын Эрдмийн зөвлөлд хүргүүлнэ:

2.5.1.гарааны компани байгуулах үндэслэл бүхий хүсэлт;

2.5.2.энэ журмын 2.3-т заасан шаардлага хангасан инновацийн төсөл.

2.6.Эрдмийн зөвлөл гарааны компани байгуулах инновацийн төслийг сонгохдоо  Инновацийн тухай хуулийн 14.1-ийг удирдлага болгоно.

2.7.Эрдэм шинжилгээний байгууллага нь сонгосон инновацийн төслийг бүртгүүлэхдээ дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

2.7.1.инновацийн төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн тухай Эрдмийн зөвлөлийн тодорхойлолт;

2.7.2. өсөл санаачлагчаас ирүүлсэн инновацийн төсөл.

2.8.Инновацийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу инновацийн бүтээгдэхүүн энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн гаргана.

2.9. Инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага инновацийн төсөл нь Инновацийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд хүсэлт гаргасан өдрөөс хойш 14 хоногт багтаан бүртгэж, нэгдсэн мэдээллийн санд оруулна.

2.10.Инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага төслийг бүртгэсэн талаар эрдэм шинжилгээний байгууллагад албан бичгээр хариу мэдэгдэнэ.

 

Гурав. Гарааны компани байгуулах

3.1.Энэ журмын 2.9-т заасны дагуу бүртгэгдсэн инновацийн төслийн санаачлагч инновацийн төсөл хэрэгжүүлэх зорилго бүхий хуулийн этгээдийг Компанийн тухай хуульд заасны дагуу байгуулна.

3.2.Эрдэм шинжилгээний байгууллага нь шинээр байгуулагдсан гарааны компанийн талаарх мэдээллийг инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.3.Инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь шинээр улсын бүртгэлд бүртгэгдсэн гарааны компанийн талаар татвар, гааль, хөдөлмөр, иргэний бүртгэл, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, гадаадын хөрөнгө оруулалт болон газрын харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад  албан бичгээр мэдэгдэнэ.

3.4.Энэ журмын дагуу байгуулагдсан компани нь Инновацийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлт, дэмжлэгийг эдэлнэ.

3.5.Гарааны компани нь энэ журмын 2.1-д заасан эрдэм шинжилгээний байгууллагатай лицензийн гэрээг байгуулах бөгөөд лицензийн гэрээг Оюуны өмчийн газарт бүртгүүлнэ. Лицензийн гэрээтэй холбогдон үүсэх харилцааг Патентийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

3.6.Гарааны компанийг үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд үүсгэн байгуулах гэрээ байгуулна. Энэхүү гэрээнд хамтарч ажиллах зарчим, хүлээх үүрэг, дүрмийн сан бүрдүүлэх, оюуны өмчийг эзэмших, ашиглах, технологийн нууцлалыг хадгалах зэрэг асуудлыг тохиролцон тусгасан байна.

3.7.Гарааны компанийн үүсгэн байгуулагч нь компанийн үйл ажиллагаанд ашиглах оюуны өмчийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж, эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн хөрөнгийн эргэлтийн бус хөрөнгөд бүртгүүлсэн байна.

3.8.Эрдэм шинжилгээний байгууллага нь гарааны компанийн дүрмийн санг бүрдүүлэхэд Инновацийн тухай хуулийн 27.3-т заасны дагуу оролцож болно.

3.9.Гарааны компани Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “Удирдах зөвлөл” гэх)-тэй байна. Компанийн үүсгэн байгуулагч нь дүрмийн санд оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр Удирдах зөвлөлд төлөөллөө оруулна. Эрдэм шинжилгээний байгууллагыг төлөөлөх гишүүнийг Эрдмийн зөвлөл томилно.

3.10.Төсөл санаачлагч нь гарааны компанид удирдах албан тушаал эрхэлж болох бөгөөд энэ тухай эрдэм шинжилгээний байгууллагын дотоод журамд тусгасан байвал зохино.

3.11.Эрдэм шинжилгээний байгууллага нь гарааны компанид бойжуулах технологийг туршин зүгшрүүлэхэд эрдэм шинжилгээ, лаборатори,             туршилт-судалгааны чиглэлээр шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлнэ. Эрдэм шинжилгээний байгууллага нь гарааны компанид байр, интернет сүлжээ зэрэг дэд бүтцийг хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулж болно.

 

Дөрөв. Гарааны компанийн үйл ажиллагааг
дуусгавар болгох

4.1.Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд байгуулсан гарааны компанийн үйл ажиллагаа, инновацийн төслийн хэрэгжилтийн явц, үр дүнг Эрдмийн зөвлөл хагас жил тутам хэлэлцэнэ.

4.2.Байгуулагдсанаас хойш 1 жилийн хугацаанд инновацийн туршилтын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй болохыг Эрдмийн зөвлөл тогтоосон тохиолдолд эрдэм шинжилгээний байгууллага компанийн үүсгэн байгуулагчидтай зөвшилцсөний үндсэн дээр гарааны компанийн хэрэгжүүлж байгаа төслийг зогсоох хүсэлтийг инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад гаргаж болно.

4.3.Инновацийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 4.2-т заасан хүсэлтийг судлан зохих шийдвэр гарган 14 хоногт багтаан эрдэм шинжилгээний байгууллагад хариу мэдэгдэнэ.

4.4.Инновацийн төсөл хэрэгжүүлэх хугацаа дууссан тохиолдолд гарааны компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудлыг компанийн үүсгэн байгуулагч эсхүл хувьцаа эзэмшигч шийдвэрлэнэ.

4.5.Гарааны компанийн үйл ажиллагааны явцад бий болсон эд хөрөнгөд Инновацийн тухай хуулийн 17.1.3-т заасны дагуу түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцно.

 

Тав. Бусад

5.1.Гарааны компанийн үйл ажиллагааны мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдсон харилцааг Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуульд заасны дагуу зохицуулна.

5.2.Мэдээллийн нууцыг хадгалах, хууль бус эзэмшлээс сэргийлэхтэй холбоотой хариуцлага, эрх, үүргийн талаар гарааны компанийг үүсгэн байгуулагч талууд гэрээгээр нарийвчлан тогтооно.

 

 


---оОо---

           
 

 


МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss
МАНАЙ ХАЯГ

Мал аж ахуй, Биотехнологийн сургууль

Зайсан, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар, Монгол улс Улаанбаатар хот

Утас: 99081905 Факс: 976-11-342111

Mail: ibdc@muls.edu.mn


© COP КОД.ХХК 2015 он